Home > Халуун шөлний газар

2003 онд Улаанбаатар хотын орон гэргүй, нэн ядуу иргэдийг хоол хүнсний болон бусад нэн шаардлагатай хэрэглээний эд зүйлсээр хангах зорилготой “Халуун шөлний газар”-ын үйл ажиллагааг эхлүүлжээ.

Тэр цагаас эхлэн “Халуун шөлний газар” нь ажлын 5 хоногийн турш өдөр бүр 50–80 орон гэргүй, нэн ядуу иргэдэд халуун хоолоор тогтмол үйлчилсээр иржээ. Нэн ядуу иргэдийг эрүүл, чанартай хоол хүнсээр хангаад зогсохгүй өвлийн 30 хэмийн хүйтнийг даван туулахад нь зориулан гутал, хувцас, бүтээлэг зэрэг нэн чухал хэрэглээний эд зүйлсээр улирал тутамд хангадаг. Мөн санхүү төсвийн боломж тохиосон үед эмзэг бүлгийн гэр бүлд гэр хандивлаж байсан тохиолдлууд бий.

Манай халуун шөлний газраар үйлчлүүлдэг хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй мөн өндөр настай иргэд улсын нийгмийн халамжийн байгууллагаас  бага хэмжээний тэтгэмж авах боломжтой байдаг. Гэвч тэдний ихэнх нь тухайн тэтгэмжийг авах шаардлагатай бичиг баримт, хувийн мэдээллээ мартсан, гээгдүүлсэн байдаг бөгөөд тухайн тэтгэмжийн талаар огт мэдэхгүй байх нь ч элбэг тохиолддог. Тийм учраас бид сүүлийн 6 жилийн турш 100 гаруй хүмүүст нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээгээ авахад нь тусалсан. Одоогийн байдлаар нэн ядуу иргэдийн сард авч буй 60 ам.доллартой тэнцэх тэтгэмж нь өнөөгийн нийгэмд наад захын хэрэглээнд нь хүрэхтэй үгүйтэй боловч тухайн иргэний цорын ганц орлого учир гудамжны хатуу хөтүү амьдралыг туулахад нь тодорхой хэмжээнд нэмэртэй байдаг.

Хэрэв та манай шөлний газрын үйлчлүүлэгчдэд хандив өргөх хүсэлтэй бол энд дарна уу.