Монгол улсад 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөний дараа тус улс бусад социалист орны нэгэн адил төвлөрсөн төлөвлөгөөт, хяналттай эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн билээ. Энэхүү нийгэм, эдийн засгийн гэнэтийн эрс өөрчлөлтөд олон мянган хүн өрхийн орлогоо алдан амьдралын хүнд хүчир үетэй тулгарсан юм. Хөдөө орон нутгийн малчид цаг агаарын хүнд нөхцөл байдал болон нийгмийн бэрхшээлээс үүдэн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа орхин хот суурин газрыг ажлын байр эрэлхийлэн зорьж, их хотын хурд ихтэй нийгэмд хөл алдсаны  улмаас амьдралын наад захын хэрэглээ болсон  орон гэр, хоол хүнсний хомсдолд орж байв.

Ийнхүү ард иргэдийн шилжилт хөдөлгөөний улмаас  ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй өндөр настай, бие, сэтгэлийн өвчинд өртсөн болон ганц бие, өрх толгойлсон эцэг эхчүүд зэрэг нийгмийн дундаас доогуур орлоготой иргэдийн тоо богино хугацаанд эрс нэмэгдэв.

МИХУХ төв “Бодь Зул” ТББ-ыг эмзэг бүлгийн амьдрал ядуу иргэдэд  нийгмийн халамж үзүүлж дэмжих үйл ажиллагаа явуулахаар 2005 онд байгуулжээ. Тус байгууллага нь ихэвчлэн Улаанбаатар хотын захын Амгалан буюу “гэр хороолол”-ын иргэдэд  дэмжлэг үзүүлж, хүрч үйлчилж байна. “Бодь Зул” ТББ нь өвлийн  40 хэмийн тэсгим хүйтэнд ч гэр оронгүй иргэдэд үйлчлэхээр амсхийлгүй ажилласаар байна.

Өдгөө “Бодь Зул” ТББ нь ажлын таван өдөрт өдөр бүр 80 гаруй хүнд халуун шөлний газарт хоолоор үйлчлэх болон  долоо хоногт тогтмол нэг өдөр нэн ядуу иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлэх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Массимо Коронагийн бичсэн “Монголын нэг өдрийн амьдрал” нийтлэлийг энэхүү холбоос дээр дарж уншаарай.

Хэрэв та төрийн бус байгууллагаас хэрэгжүүлдэг төслүүдийн мэдээллийг уншин, бичлэгийг үзснээр хандив өргөх эсвэл хамтран тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулах сонирхолтой бол энд дарна уу. Бага гэлтгүй тусламж дэмжлэг бүр бидэнд маш  чухал байдаг билээ.