Гандан До Аг Шадүвлин төв МИХУХ Бурханы шашны төв, Улаанбаатар хот
Зопа Ринбүчи ГДАШ төвд айлчлах үе, 2017 оны 4 сар
Энэ үеэс эхлэн ГДАШ төв бурханы шашны дээдийн номын тайлбар болон бясалгалын хичээлүүдийг Монголчууд болон Монголд оршин суудаг гадаадын оршин суугчдад зориулан монгол, англи хэлээр тогтмол явуулсаар ирсэн. Анхны номын багшаар гэлэн Жорж Чуринов, Гэлэнма Шантал нар ажиллаж байсан бол одоо Гэцүлма Түвдэн Гялмо төвийн номын багшаар ажиллаж байна. Гэвш Нямдорж олон жилийн турш төвийн номын багшаар ажиллаж байсан бөгөөд түүний дараа Гэцүлма Сара Трэшэр багш Дархан-Уул аймаг дахь “Алтан гэрэл судар” төвд тогтмол багшлахын зэрэгцээ ГДАШ төвд удаа дараа ном хөтөлж байжээ. Эдгээр ачит багш нарын Бурханы сургаал номыг арвин ихээр харамгүй айлдаж байсан заах арга барил, энэрэн нигүүлсэхүйн үнэнч сэтгэлийг өдгөө ч Монголын олон шавь нар, сүсэгтэн олон дурсан санаж байдаг юм.
Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн орой Лхаарамба гэвш Түвдэн Зопа дээдийн номын тайлбар болон бясалгал хичээлийг хөтөлж, Гэцүлма Түвдэн Гялмо “Буддизмыг танин мэдэхүй” сэдвийн дор цуврал хичээл явуулж буйн дотор “Сэтгэл хөдлөлөө хувиргахуй” зэрэг өдөр тутмын амьдралд нэн чухал хэрэгтэй хичээлүүдийг монгол орчуулгатайгаар тогтмол хөтөлж байна.
Сар бүр төвийн номын өргөөнд Дулмалин хийдийн эмэгтэй хуврагууд эдгээр номуудыг хурж байна. Үүнд: Ламын Чодва, Манал болон Дарь эх бурханд Дөрвөн хот мандал өргөх үйл. Өглөө бүр сүсэгтнүүд сайн дураараа төв дээр эртлэн цуглаж Бурхад,бодьсадва нарт 1000 цөгц усан тахил өргөж, нүгэл унал наманчлах Дүншигийн 35 Бурханд тогтмол мөргөж байна.
Гэцүлма Түвдэн Гялмо хорих ангиудад зочлон хүмүүжигчдэд зориулан дээдийн номын тайлбар хичээл болон бясалгал хөтлөн явуулсаар ирсэн ба одоогоор Хууль зүй дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр тусгай дэглэмт хорих ангийн хүмүүжигчдэд зориулан удаан хугацаанд хэрэгжих хөтөлбөрт хичээлийг тогтмол зааж байна.
Хэрэв та төвийн үйл ажиллагаанд зориулан хандив өргөх хүсэлтэй бол энэхүү линк дээр дарж тодорхой мэдээлэл авна уу.