Зопа Ринбүүчи ламтаны монгол түмний тусыг бүтээх их горил хүслийнх нь нэг болох Маанийн бүтээлийг тус Төв 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирлээ. Бүтээлд нэг сарын турш өдөр бүр 200-300 хүн тогтмол оролцдог. Бүтээлийг Гандантэгчэнлин хийдийн Идгачойнзинлин дацанд жил бүр явуулж байлаа. Харин 2020 оны найм дахь удаагийн Маанийн бүтээлийг (нэг өрөөнд 50-иас дээш хүн цуглахыг хориглосон үе байв) Их хөлгөний Төвийн байранд явууллаа. Ийнхүү найм дахь Маанийн бүтээлийн төгсгөлд Гал тахилга (жинсрэг) хурсан ба бүтээлд оролцсон хэсэг энгийн хар хүмүүсийн хувьд анх удаагийн хатуу бүтээл байв. Энэ бүтээлд 28 хүн 19 хоногийн туршид Их Хөлгөний төвд хүрээ татан суусны дунд хоёр түвд гэвш, дөрвөн гэцүлма байлаа.
Бусад нь бүтээлд өдөр бүр гэрээсээ ирж тун барьж байсан ба дуганд багтаагүй хүмүүст зориулан дэлгэцээр зэргэлдээ өрөөнд шууд дамжуулж байв. Тийм учраас энэ удаагийн бүтээлээр маанийн тоог дүнчүүрт хүргэнэ гэдэг амаргүй байлаа. Ийнхүү бүтээлийг Facebook хуудас, YouTube-ээр шууд дамжуулж, аль болох олон хүнийг хол, ойроос оролцуулах нөхцөлөөр хангахыг хичээж байв. Үүний үр дүнд хэдэн мянган хүн даган баясаж, оролцож бас дэмжлээ.
Мөн тэрчлэн Австрали, Дани, Малайз, Сингапур, Испани, Орос, АНУ дахь Бурханы шашинт номын нөхдүүд өөрсдийн хураасан маанийн тоог бүтээлд өргөсөн явдалд бид гүнээ талархаж, бас баясаж байна. Ингээд бүтээлд хурсан хүн бүхэн дор бүрнээ Жанрайсиг бурханы зүрхэн тарнийг 660’000 тоонд хүргэн хурааснаар бүтээлийн тун гүйцэж, Гал тахил өргөх, өөрийн авшиг хүртэх эрхтэй боллоо. Ийхүү лам багш нарын адистидаар энэ бүхэн биелсэн билээ.
Ингээд Бүтээлийн төгсгөлд 68’936’658 маанийг Зопа Ринбүүчи ламтанд өргөлөө!
Хэдийгээр Маанийн бүтээлийг явуулсан найман жилийн хугацаанд анх удаа Дүнчүүр (зуун сая) маани хурааж чадаагүй хэдий ч 2020 оны онцлог бүхнийг харгалзан үзвэл энэхүү хичээл шамдал, бүтээлд баясахгүй байхын аргагүй. Ингээд энэхүү найм дахь удаагийн Дүнчүүр Маанийн бүтээлд даган баясаад, 2021 оны бүтээлд эргэн уулзацгаая!