Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Олон Улсын Сангийн Шашин номын тэргүүн Зопа Ринбүүчийн Монголын Бурханы шашныг сэргээн дэлгэрүүлэхэд оруулсан томоохон хувь нэмрийн нэг бол МИХУХ төвийн “Дулмалин” эмэгтэй хуврагуудын хийдийг үүсгэн байгуулж, дэлгэрүүлэн хөгжүүлж байгаа явдал юм.

МИХУХ төв хуучнаар “Дарь Эх” хийдийн түүхэн үзэсгэлэнт газрыг 2002 оны 4 дүгээр сард худалдан авжээ. Дулмалин хийдийг Манжийн хаан Монголчуудад бэлэг болгон өргөн барьсан бөгөөд маш нарийн ур хийцтэй, ихэвчлэн чулуун сийлбэр бүхий тун гоёмсог хийд байжээ. Он удаан жилийн турш буян ном бүтээж, хурал уншлагаа таслалгүй байсаар 1930-аад оны үеийн хөнөөл сүйтгэлийн аймшигт хар шуурганд өртөн сүйтгэгдсэн гэдэг.

Хийдийн хашаанд Монгол улсын түүхийн үнэт зүйлийн тусгай хамгаалалтад байдаг 230 жилийн түүхтэй, 11 метр өндөр хоёр боржин чулуун багана бий. Боржин чулуун хоёр багана дээр хүн амьтан, хээ угалз, бичиг үсгийг маш уран чадварлагаар сийлснээрээ онцгой бөгөөд Цагаан дарь эх, Ногоон дарь эхийн адис жанлав оршсон хэмээдэг байна. Баруун талын баганад “Олон тивийн амьтан бүрийг зуурдын зовлонгоос гэтэлгэн тэнхрүүлнэ”, зүүн талын баганад “Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж сийлсэн байдаг.

2001 оны 10 дугаар сард болон 2003 оны 5 дугаар сард хувраг болон номын мөрд орох хүсэлтэй хэсэг эмэгтэйчүүд Дулмалин хийдийн бүтэн үлдсэн байранд тодорхой хэмжээний засвар хийж тохижуулсны дараа нүүн орж шавилан сууж эхэлжээ. Одоогоор хийдэд 5 эмэгтэй хувраг шавилан сууж өдөр тутмын уншлага номыг дадуулж, Зопа Ринбүүчийн зөвлөснөөр сар бүрийн дүйчин өдрүүдэд 4 хурал номыг тогтмол хуран бусад үед сүсэгтэн олны хүсэлтээр ном уншлага уншин дээдийн номд шамдаж байна.

Хийдэд анхлан шавилан сууж буй эдгээр эмэгтэй хуврагууд маань Монгол орны уламжлалт Бурханы шашныг дахин дэлгэрүүлэх ариун үйлсэд гар бие оролцон сахил хүртэж, дээдийн номын зам мөрөөр замнаж шинэчлэл, хөгжил дэвшлийн эхний үеийн төлөөлөл болж байна. Эдгээр хувраг маань Монголын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй сүсэгтэн олонд өөрсдийн сурч дадуулсан эрдэм номоо орчуулан дараагийн үедээ түгээх үүргийг хүлээж байна. Монголын эрс тэс уур амьсгалд тэсэж үлдэхэд хийдийн байрын чанар их чухал учир Зопа Ринбүүчи эмэгтэй хуврагуудад зориулан шинэ хийд барьж тэдэнд дээдийн номоо үргэлжлүүлэн сурах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ талаар удалгүй дэлгэрэнгүй мэдээллэх болно. “Дулмалин” эмэгтэй хуврагуудын хийдийн бүтээн байгуулалт болон урсгал зардалд та хандив өргөх бол энд дарна уу. Таны өргөсөн хандив бидэнд маш их дэмжлэг болох болно.