Home > ХҮЛЭЭСНЭЭС ГЭТЛЭХҮЙ ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ХҮЛЭЭСНЭЭС ГЭТЛЭХҮЙ ТӨСӨЛ”

Хүлээснээс Гэтлэхүй Төсөл  /ХГТ/ нь эрэгтэйчүүдийн тусгай дэглэмт хорих 405 дугаар ангийн хүмүүжигчдэд зориулан МИХУХ төвөөс 2006 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн төсөл  юм. Одоогоор  бид долоо хоногт нэг бүтэн өдөр хорих ангийн  хүмүүжигчдэд зориулсан нэгдсэн сургалт, бясалгалын хичээл  явуулж, зөвлөгөө өгч байна.

МИХУХ төвийн ХГТ-өөр хорих ангийн нэг өрөөг номын өргөө болгон тохижуулж, тэрхүү өргөөнд сургалтаа явуулж байна. Бид хорих ангийн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтантай байнга  холбоотой ажиллаж, хичээл бүрийг хүмүүжигчдэд тохирсон сэдвээр явуулахыг зорин ажилладаг. Хорих ангийн дотоод журмын дагуу нэг удаа  дөрвөн хүмүүжигч хамрагдаж хичээлийг ээлжилж явуулдаг.  Бид бясалгалд суралцах, дадуулах, сөрөг муу сэтгэлүүдийг танин барих, зэрэг сэдвээр хичээл сургалтаа явуулдаг.

Хичээлийн үед хүмүүжигчид багшаас асуулт асуух, өөр хоорондоо харилцан ярилцаж эзэмшсэн мэдлэгээрээ мэтгэлцэх зэрэг сургалтын идэвхтэй аргуудыг ашигладаг бөгөөд хүмүүжигчдийг гэрийн даалгавар хийхийг хөхиүлэн дэмждэг. Суралцагчийн өөрийн сурах арга барилд тулгуурлан тэмдэглэл хөтлөх болон гэрийн даалгаврыг зурж, бичиж хийхэд зориулан дэвтэр, үзэг бал зэргийг төвөөс тогтмол олгодог.

Мөн төвөөс сургалтын сэдвийг бүрэн гүйцэд, амжилттай сурч эзэмшин дадуулсан  суралцагчид гэрчилгээ олгодог. Хорих ангийн дотоод радио сүлжээгээр хүмүүжигчдэд зориулан бясалгалын ба бясалгахын үр шим, иогийн зөв амьсгал, стресс тайлах, архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, түүнээс салах арга зам, зэрэг сэдвээр тогтмол хичээл явуулахын дээр жил бүр зохион байгуулдаг.

Та төвийн хэрэгжүүлж буй “Хүлээснээс гэтлэхүй төсөл”-д хандив өргөх сонирхолтой бол  холбоос дээр дарна уу.