Home > БИДНИЙ БАГШ

Түвдэн Еши Лам – Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн үүсгэн байгуулагч

Түвдэн Еши лам 1935 онд Төвд орноо лагшин мэндэлжээ. Тэрээр 6 насандаа Төвдийн шашны сургууль Сэрад элсэн орж 1959 он хүртэл суралцсан байна. “Тэр жил Хятадууд биднийг Төвдөөс гарч дэлхийтэй танилцах цаг болсон шүү хэмээн сайхан сэтгэлийн үүднээс зөвөлж  билээ” хэмээн Еши лам тэр жилийн тухай дурсан ярьдаг байв. Энэтхэг оронд дүрвэсний дараагаар Еше лам өөрийн шавь Зопа Ринбүүчийн хамт 1965 онд Барууны орны шавь нартайгаа анхлан холбоо тогтоожээ. 1971 онд Балбын Катманду хотын ойролцоох Копан тосгонд суурьшин, 1974 оноос эхлэн лам нар барууны орнуудаар номын хүрдэн эргүүлж эхэлснээр Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв үүсгэн байгуулагдах суурь тавигджээ. Еши лам 1984 онд таалал болж дараагийн дүр Тэнзин Осэл Хита одоогоор Испани улсад оршин сууж байна.

Зопа Ринбүчи лам – ИХУХ төвийн үүсгэн байгуулагч,  Шашин Номын тэргүүн

Зопа Ринбүчи лам 1945 онд Балба улсын нутаг дэвсгэр дэх Эверест уулын орчмын Соло Лхумбу бүс нутгийн Тами тосгонд лагшин мэндэлжээ. Ринбүчийн урьд дүр түүнээс холгүй орших  Лавудо агуйд амьдралынхаа сүүлийн 20 жилийг бясалгаж  өнгөрөөсөн байна. Зопа Ринбүчи Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн Шашин, Номын Тэргүүн бөгөөд олон улсад явагдаж буй номын үйл ажиллагааг зааварлан чиглүүлж байна.

 

Лхарамба гэвш Түвдэн Зопа

Түвдэн Зопа гэвш 1970 оны 12 дугаар сарын 15-нд хойд Төвдийн Нагчу хэмээх газарт ордод төржээ. 13 наснаасаа эхлэн Нагчу дахь Шавгон Гандан Додэн Дэжидлин хийдэд шавилан судар болон тарнийн номд шамдан суралцжээ. Тэрээр 1991 онд Энэтхэг орноо дүрвэн Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ хийдийн Хардон Хамцэн дацанд 17 жилийн турш суралцан дацангийн сургалтуудыг дүүргэсэн байна. 2008 оноос 2013 оны хооронд Гэвш  гаарамба, ловон, лхарамбын тус бүр 2 жилийн ангиудыг дүүргэн, шалгалт бүрийг амжилттай өгч, Гэлүгба уламжлалын Гэвш Лхаарамба цолыг хүртжээ.

Гандан До Аг Шадүвлин төвд үндсэн номын багшаар ажиллах гэвш лам залаагүй байсан учир Зопа Ринбүүчи хэдэн жилийн өмнө Түвдэн Зопа гэвшийг тус төвд залан дээдийн ном айлдуулах нь зүйтэй хэмээн айлдсан юм. Түвдэн Зопа гэвш долоо хоногт 2 удаа сүсэгтэн олонд зориулан дээдийн ном айлдаж, Их хөлгөний 8 сахил хайрлан, 100 сая маанийн бүтээлийн үйл ажиллагаа болон төвөөс зохион байгуулж буй бусад номын үйлд тогтмол оролцон бидэнд ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.

Мөн Зопа ринбүчи Монголд 2017 оны 5 сард айлчлах үедээ Түвдэн Зопа Гэвшийг Дулмалин эмэгтэй хуврагуудын хийдийн хуврагуудад ном айлдана уу хэмээн хүсэлт тавьсны дагуу тэрээр ани нарт тогтмол дээдийн ном айлдаж байна.

Гэцүлмаа Түвдэн Гялмо – Бурханы шашны анхан шатны номын багш

Түвдэн Гялмо гэцүлмаа (Глэнда Ли) нь Баруун Австрали хүн бөгөөд 2008 оны 12 сарын 31-нд Монгол орноо амьдарч байна. . Сүүлийн 40 жилийн турш Бурхны номыг судалж байгаа ба тэрээр насанд хүрсэн 2 хүүхэдтэй. Баруун Австралид төрж өсөн, боловсрол эзэмшиж 1975 онд Англи орноо Хатха иогийн сургалтад хамрагдан 1976 онд мэргэжлийн иогийн багшийн гэрчилгээ авчээ.

1977 онд Англи улсын Кумбрид байрлах Манзушир институтэд Түвдэн Еши лам болон Зопа Ринбүчийн заавар дор Бурхны шашны бясалгалын эрчимжүүлсэн хичээлд 5 долоо хоногийн турш хамрагджээ. Түүнээс хойш Гялмо ани бурхны шашинд шамдан суралцаж, Төвдийн Бурхны шашны ихэс дээдэс, ИХУХ төвийн лам, ани нартай Авсрали болон бусад орнуудад бясалгал бүтээлд байнга хамрагдсаар иржээ.

Түвдэн Зопа ринбүчийн зөвлөснөөр сүүлийн 33 жилийн турш бясалгалын хичээл хөтөлж, 2005 онд ИХУХ-өөс явуулдаг “Буддизмыг танин мэдэхүй” сургалтын багшлах эрхийг албан ёсоор авсан байна. Ингээд 2009 онд Түвдэн Зопа Ринбүчигээс  Гэцүлма санваар хүртжээ. Ийнхүү одоо Гандан До Аг Шадүвлин төвийн номын багшаар ажиллаж, МИХУХ төвийн Дархан хот дахь “Алтангэрэл судар” төвд тогтмол сургаал ном айлдаж байна. Мөн Гялмо ани “Хүлээснээс гэтлэхүй” төсөлд оролцон Монголын хорих ангиудад тогтмол зочлон, хүмүүжигчдэд сэтгэлийн дэмжлэг үзүүлж, сургалт явуулсаар ирсэн. Сүүлийн 3 жилийн турш Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Лавайн Эгшиг радиогоор бясалгалын хичээл, сургалт яриа хийсэн нь Монгол орон даяар сүсэгтэн олонд зориулан тогтмол цацагдаж байна.