Home > Гандан До Аг Шадүвлин төвийн “Алтан Гэрэл Судар” зайны бүлгэм

Зопа Ринбүчийг Монголд морилох үед Дархан хотын сүсэгтэн олон  хотдоо Бурхны шашны төв нээхийг хүсэмжлэн айлтгасан учир тэдний хүсэлтээр 2005 онд “Алтан Гэрэл Судар” төвийг үүсгэн байгуулжээ. 2009 онд тус төв одоогийн байрлаж буй түрээсийн байрыг тохижуулж, тухайн үеэс эхлэн дээдийн номын айлдвар, хичээлүүдийг тогтмол зохион байгуулсаар иржээ.

Улаанбаатар хотын гаднах анхны Бурхны шашны төвийг ийнхүү үүсгэн байгуулж үйл ажиллагаагааг нь эхлүүлсэн ч суурин байрлаж ажиллах номын багшгүйгээс сүсэгтэн олон өөрсдөө тогтмол уулзаж дээдийн номын мэдлэгээ гүнзгийрүүлэн хамтран судалдаг бүлэг үүсгэн хичээллэж эхэлжээ. Энэхүү сургалтыг зочин лам багш нар удирдан чиглүүлж явуулж байна.

Төв үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн сар бүрийн дүйчин өдрүүдээр дээдийн номыг дадуулагч чин бишрэлт хэсэг бүлэг сүсэгтнүүд хурал ном тогтмол хурж, тусгай дүйчин өдрүүдэд Их хөлгөний тэтгэн ариусгахуй сахил сахин, судар номыг олон тоонд хүргэн тоолох уламжлалыг дагасаар ирсэн байна. Мөн саяхнаас нүгэл унал наманчлах Дүншигийн 35 Бурханд тогтмол мөргөж байна.

2020 оны 4 дүгээр сард тус төвийн албан ёсны бүртгэл нь Улаанбаатар дахь \МИХУХТ\ Гандан До Аг Шадүвлин төвийн зайны бүлгэм болон өөрчлөгдсөн юм. Хуулийн бие даасан байгууллага биш хэдий ч зочин багш нар урьдын адил тогтмол морилон бүлгмийн гишүүдэд дээдийн ном айлдах ба бусад үед сүсэгтнүүд гэртээ бие даан номоо үргэлжлүүлэн судлах боломжтой хэвээр байна. Ирээдүйд энэхүү бүлгэм дахин бие даасан шашны төв болох боломж бүрдэж буян номын үйлс нь дэлгэрэх болно хэмээн бид итгэж байна.