Home > Мал сэтэрлэх

2020 оны 8 дугаар сар – Хүсэл горил биелсэн сар

2020 оны ихэд онцгой жил байсан бөгөөд хүн төрөлхтөний өмнө тулгарсан энэ бэрхшээл сорилт хараахан барагдаагүй л байна. МИХУХТөвийн хувьд ч мөн адил хорио цээрийн улмаас хичээл номын хуваарь өөрчлөгдсөн ба энэ шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай он байлаа. Гэсэн хэдий ч төлөвлөж байсан зарим ажлаа гүйцэлдүүлж амжсан юм. Үүнд, Амьтны амь гэтэлгэх үйлийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн явууллаа.

2019 оны Адгуусны амь гэтэлгэх үйлийн талаар дараахь хаягаар уншина уу.

2020 оны 8 дугаар сард Түвдэн Содов (Зопа) гэвш зан үйлийг хөтлөн үйлдэж, 17 эр хонь, 1 эр ямаа, 1 морины амь гэтэлгэлээ. Ийнхүү Их Хөлгөний төвийн цэтэртэй малын тоо толгой 28 хонь, 6 ямаа, 1 морь болж өслөө! Зопа Ринбүүчи ламтаны амьтны тусыг бүтээх энэхүү үйлс нь Монгол орноо цаашид үргэлжилнэ гэдэгт бид итгэлтэй байна. Адгуусны амь гэтэлгэсэн үйлийн буяныг Дээрхийн Гэгээнтэн Далай лам, Зопа Ринбүүчи ламтан нарын дээдэс багш нарын өлмий бат оршихын тухайтад зориуллаа. Энэхүү үйлэнд даган баяссан, хандив өргөсөн Австрали, Малайз, АНУ зэрэг орны болоод Монгол өглөгийн эздэд ихэд талархаж байгаа билээ. Өглөгийн эздийн ачаар цэтэртэй малыг хашаа хороо, өвс тэжээл зэрэг хэрэгтэй шаардлагатай бүхнээр хангаж байна. Эдгээр мал жам ёсоороо мөнх бусыг үзүүлэх тул хөгширч, бэлчээрт гарах, өвс тэжээлээ идэх зэрэг чадваргүй болсон малыг хэрхэн харж хандахад мөн бэлдэж байна.

Элдэв зовлон бэрхшээл хэлбэр дүрсээ өөрчлөн гэтлэхүйн хутгийг олохыг хүртэл сүүдэр мэт биднийг дагана гэдэг бодит зүй тогтол билээ. Тиймээс адгуусны сэтгэл оюунд буяны үр хөрөнгийг суулгах нь тэднийг дээдийн амгаланд дөтлүүлж буй хэрэг юм. Хэдий тэд энэ насандаа Бурханы номыг ойлгон ухаарч чадахгүй ч гэлээ тусыг нь хүртэх болно.

2019 оны 10 дугаар сард Халимагт зохиогдсон Маанийн бүтээлийн үеэр Зопа Ринбүүчи ламтанд Монгол орноо эхлүүлээд буй энэхүү малын амь гэтэлгэх үйлийн тухай дуулгахад ламтан ихэд таалан баясаад, малыг рашаанаар сүрчих болон маани тарни уншиж сонсгохын чухлыг онцгойлон айлдсан билээ. Тэрчлэн Ринбүүчи цэтэртэй мал тойрон гороолох суварга босгохыг зарлиглахын хамтаар хонь, ямааны хүзүүнд зүүх зангиаг адислаж өглөө. Ингээд Ринбүүчи малчин Жигмэдэд цэтэртэй мал хариулж байгаад нь талархан, эрхий хуруугаа гозойлгон сайшаасан юм.

Ингээд Булган аймгийн төвөөс арваад км орчмын зайд нэгэн уулын бэлд суурийн хамт 3,20 метрийн өндөртэй Бодь суваргыг бүтээн заллаа. Түвдэн Содов гэвш бусад хуврагийн хамтаар суварганд сүншиг болон аравнай өргөхийг ёсчлон үйлдсэнээр нутаг орны хүн, мал буяныг хураан, нүгэл хилэнцийг ариусгах сайхан боломж бүрдлээ.

Суваргын сууринд дараахийг сийллээ. Үүнд:

Урд талд: УМ МАНИ БАДМЭ ХУМ (түвд, кирилл, ланз үсгээр);
Зүүн талд:

Хуран үүдсэн бүхэн мөнх бус
Цуврилт бүхэн зовлонгийн шинжтэй
Юмс бүхэн би үгүй
Зовлонгоос хагацах нь нирваан

Баруун талд: “Өөрийн жаргалыг эрхэмлэвэл бусдын жаргалыг эрхэмлэ” хэмээх Зопа Ринбүүчи ламтаны айлдварыг сийллээ.

Харин суваргын ард талд: Суваргыг бүтээсний буянаар Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам, Зопа Ринбүүчи ламтан нарын өлмий бат оршихын ерөөлийг талбиснаа сийлэн бичлээ.

Ингээд энэ үйл ажиллагааны төгсгөлд гэвш Түвдэн Содовыг 12,000 орчим хүн амтай Булган хотын ард иргэдэд Дээдийн номын айлдвар хайрлана уу хэмээн хүссэн юм. Гэвш энэ хүсэлтийг таатай хүлээн авлаа. Хэдийгээр цөөн тооны хүн ирсэн хэдий ч 2020 оны 7 дугаар сард АНУ-ын нэгэн Төвд Зопа Ринбүүчи ламтаны айлдсанчлан  “…Дээдийн номыг сонсохоор нэгийн төдий хүн ирсэн ч энэ тун сайн” билээ.

Үүнчлэн энэхүү нийтлэлийг уншаад нэгийн төдий хүн ч гэсэн даган баясаж байвал энэ тун сайн болно!